Monday, 11 June 2012

Тэвчээр ба цэвэр цэмцгэр байдлын тухай товчхон


Манай ээжийн найз нь надад сая маш их үнэтэй зөвлөгөө өглөө. Маш их баярлалаа Нараа эгчээ.

Надад өгсөн зөвлөгөөнүүдээс товчхон дурьдвал 1) асрагч нь маш тэвчээртэй байх ёстой; 2) өдөр болгон усанд оруулах хэрэгтэй; 3) байнга комплимент хэлж байх хэрэгтэй; 4) сайн амруулж байх; 5) хэл яриаг нь хэрхэн сайжруулах г.м, дараа дараагийн бичлэгүүдэд илүү дэлгэрэнгүй бичихийг хичээнэ.

1) Саажилттай өвчтөнүүдийг асардаг хүмүүс маш тэвчээртэй байх хэрэгтэй юм байна. Заримдаа бухимдах, тэвчээр алдагдах үе гарна. Асарч байгаа хүн нь маш сайн амарч байх хэрэгтэй.

Өмнөх бичлэгт дурьдсанаар тархиндаа харвалт өгсөн өвчтөнүүд сэтгэлзүйн хувьд тогтворгүй, зан аашд нь өөрчлөлт орсон байдаг тул тэдний сэтгэл хөдлөл байнга өөрчлөгдөх хандлагатай байдаг. Амархан гомдож, амархан баярлана. Хэл ярианд нь нөлөөлсөн хүмүүс (өөрийгөө бусдад илэрхийлж чадахгүй) их бухимдуу болно. Уйлж, эсвэл инээдээрээ өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Сэтгэл хөдлөлийг хэт өндөр байлгаж болохгүй гэсэн. Хэт их сэтгэл нь хөдөлвөл дахин харвалт өгөх магадлал өндөр болно.

Манай эмээгийн хувьд хэлж ярьж чадахгүй. Нэг хоёр үгийн хооронд л хорвоо ертөнц болон өөрийгөө бидэнд ойлгуулах гэж оролддог учир хэрэв бид түүнийг ойлгохгүй байвал бухимддаг. Бухимдахаараа уйлна. Гэхдээ мэдээж зөвхөн уйлах инээхээр өөрийгөө илэрхийлээд зогсохгүй нүүрний илэрхийлэлээрээ өөрийгөө бидэнд ойлгуулдаг.

Биеийн хөдөлгөөн маш чухал билээ. Тиймээс маш тэвчээртэйгээр аль болох хөдөлгөх, саажилттай талд нь массаж хийх нь тустай юм байна лээ. Эмээ маань тал саажилттай тул саажаагүй гараараа нөгөө гарандаа массаж хийдэг. Массаж хийхгүй, хөдөлгөөн хийхгүй бол жаахан хөдөлгөхөд ч өвддөг болж улмаар арьс нь улайх, цооролт өгнө. Тиймээс улайлт, цооролтоос урьдчилан сэргийлэх үүднээс тэмээний чөмөгний тос, сүүлний тос түрхэх, эсвэл биеийнхээ өвчтэй талаараа хэвтсэн үед нь ивэх хэрэгтэй. Мэдээж, босгож суулгах, 1-2 алхуулах нь маш сайн.

2) Өдөр болгон усанд оруулах нь хамгаас чухал. Цэвэр байлгах хэрэгтэй. Ядаж хөл гарыг нь угааж байхгүй бол мөөгөнцөрдөх магадлалтай. Мэдээж нарийн нандин бэлэг эрхтэнг нь ч байнга угааж цэвэрлэх хэрэгтэй шүү. Усанд байнга оруулах нь усан засал (hydrotherapy) болдог. Усанд орохоор саажилттай биеийнхээ хэсгийг илүү сайн хөдөлгөж сурна.

Надад өөрсдийн туршлагаасаа хуваалцаарай. Манай гэрийнхний оролдлогууд хэрэг болох болтугай.


No comments: