Thursday, 7 June 2012

Дахин шинээр төрсөн хүн

Ямар нэг байдлаар хэвтэрийн байдалд орсон эсвэл биеийн бүрэн чадамжаа алдсан хүнийг амьдралаа дахин шинээр эхлүүлж байна гэсэн хандлагаар хандвал бүх юм арай амар хялбар байх юм. Миний анзаарсанаар зарим хүмүүс хэвтэрт орсон, эсвэл хагас, бүтэн саажилттай гэр бүлийн гишүүнээ "vegetable" (үхмэл) юм шиг харьцаад байх шиг. Зөвхөн хоол унд өгөөд баас шээсийг нь л янзалж л байвал болоо гэж үздэг.

Гэтэл тэр хүмүүстэй хамтдаа шинэ зүйлийг хийж, дуу дуулж, дэмий үлгэр ярьж, улс эх оронд болж байгаа зүйлсийн талаар ярьж болно шүү дээ. Хамгийн гол нь бүтээлч байх хэрэгтэй юм байна. Жишээлбэл би эмээгээ жорлон руу нь босгож тэврээд алхуулахдаа Вальс Эргэе гэхээр маш дуртай, эмээ маант өөрөө дуугаа аялаад алхдаг г.м. Ой санамж нь муудаж байгаа бол аль болох хуучины юмыг санагдуулахуйц кино, дуу сонсгох, ярих, асуух - тэгэхээр бас их дуртай байдаг юм байна лээ.

Хамгийн гол нь энэ хүмүүсийг дахин шинээр төрж бүхнийг шинээр хийж болно гэсэн итгэлийг төрүүлэх нь чухал юм байна. Хоол идэхдээ хүртэл халбагаа яаж барьж сурах уу, аягаа яаж барих уу, хувцасаа хэрхэн өмсөх үү, гэрлээ яаж асаах гэх мэт - энэ хүмүүст төвөггүй байдлаар сонирхолыг нь төрүүлэх байдлаар хамтдаа хийж хэвшүүлэх хэрэгтэй юм байна. Мэдээж ахуйн засалч (occupational therapist)-аас зөвлөгөө авч түүнтэй хамтран ажиллавал бүр сайн.

No comments: