Энэ бичлэгүүдийг хийж байгаа зорилго нь гэртээ хүн асардаг эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлийнхэнд зориулан өөрийнхөө бяяяяцхаааан туршлагаасаа хуваалцах гэсэн юм. Манай гэрийнхэн нэг хүнийг энд асрах гэж хэдүүлхэнээ юм олж мэдээд, эсвэл түүртэж байх үед Монголын хаа нэгтээ зарим хэсэг нь бас л түүртэж эсвэл биднээс илүү туршлагатай, мэдээлэлтэй байж болох юм. Бид мэдээлэлээ бие биентэйгээ сайн хуваалцах тусам илүү үр дүнд хүрнэ.
Миний анзаарсанаар Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ямар нэг өвчнөөр (сэтгэцийн болон биеийн) гэртээ байдаг хүмүүсийг хүн биш мэтээр харьцдаг. Зөвхөн тэдээрийн гэр бүлийнхний асуудал мэтээр үл ойшоох хандлага нийтлэг билээ. Гэр бүлийнхэнд нь зориулсан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ ч байдаггүй. Өвчтөнүүдтэй ажиллах мэргэшсэн сэтгэцийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэлзүйч ч дутмаг байдаг билээ. Тухайн хүнийг зөвхөн Өвчтөн гэдэг нүдээр харж Хүний эрхэм чанарыг нь алдагдуулдаг нь нууц биш. Тэдгээр хүмүүс гэрээсээ ч гарах эрхгүй боломжгүй, хорвоо ертөнцийг зөвхөн хиймэлээр бүтээсэн алслагдсан орон зайгаас хардаг, мэдэрдэг, ойлгодог, гомддог, бухимддаг, уурладаг, улмаар цөхөрдөг.
Хамгийн наад зах нь Улаанбаатарын (хөдөөг дурьдаад ч нэмэргүй) дийлэнхи гудамж, үйлчилгээний газрууд болон нийтийн тээвэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулаагүй. Улсын томоохон эмнэлэгүүд ч тэргэнцэр орох нөхцөлийг бодолцоогүй, бодолцох гэж оролдсон 1-2 эмнэлэг нь дөнгөж халтуурдаад хаалга хийх төдий оронцоглосон байдаг. Автобусны буудал дээр болж байгаа үйл явдалыг би анзаардаг, жолооч нар
нь буудал дээрээ зогсдоггүй, хүмүүс нь сууж амжаагүй байхад хөдөлдөг,
тэгэнгүүт хөөрхий хэдэн хөгшчүүл хөлөө хугалах нь холгүй амжиж орох гэж
оролддог. Эдгээр бол зүгээр л хамгийн наад захын энгийн жишээ. Яагаад энэ хамгийн энгийн юмыг хүртэл хэцүү болгодог юм бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусанд сууна гэсэн ойлголт ч байхгүй.
Нийгмээс тэр чигтээ тусгаарлагддаг.
Чадамжтай хүмүүс нь өөрсдийн арга заль, мэх, тархи толгойгоо
гашилган байж Монголд амьдралаа залгуулж байгаа нь нууц биш. Хамгийн хатуу, хүнээ боддоггүй нийгмийн тогтолцоотой мэт санагддаг.
Бид бүгдээрээ тэгш эрхтэй. Хүний эрх гэхээр заавал агуу том асуудал байх албагүй. Хүн хорвоод мэндлэхдээ л хаанаас ч худалдаж авч болшгүй үндсэн эрхтэйгээ төрдөг билээ. Манай улс хамгийн "сайхан" үндсэн хуультай гэх боловч тэр нь амьдралд хэрэгждэггүй, хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй. Зарим нь надад тэр падгүй, надад өөрт учраагүй юм чинь дэмий юманд санаагаа зовоож яахын гэсэн хандлагатай.
Заавал бид хөгжлийн бэрхшээлтэй болж байж, эсвэл гэрийнхний чинь хэн нэгэн өвчтэй болж байж бусдыг хайрлах, энэрэх ёстой юм гэж үү? Заавал би УБ-ын алслагдсан дүүрэг хороонд амьдарч хаа холын худагаас ус авч, нүүрсээ маш өндөр үнээр авч үзэж байж бусдыгаа хайрлаж хүнлэг хандаж энэрэх ёстой гэж үү? Зүгээр л бусдын оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Түрхэн зуур ч
болтугай өөрийнхөө итгэл үнэмшил, зарчим, ертөнцийг үзэх үзлээ хойш
тавиад Хайр, Энэрэл дүүрэн зүрхээ чагнаад тэр хэн нэгнийг мэдрэх гэж
оролдоорой.
Заавал бид хариу нэхэж нэгнийгээ ойлгож, мэдэрч хүнлэг харьцаж, үйлчлэх ёстой юм гэж үү?
Бид яагаад бие биендээ ямар ч нөхцөлгүйгээр, хариу нэхэлгүйгээр тусалж, хайрлаж энэрч болохгүй гэж?
Хэрэвээ бид хүнлэг, энэрэнгүй, хүн төвтэй нийгэм байгуулах гэж байгаа бол өөрсдийнхөө зүрхийг нэг чагнаад үзэх хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment