Өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд эрүүл хэмнэлтэй амьдрах нь нэн чухал болоод байна. Гэвч ихэнхидээ бид эрүүл бус амьдралын хэмнэлээс улбаалан олон төрлийн өвчин эмгэг тусдаг билээ. Харвалт нь зарим тохиолдолд удамшдаг ч цусны даралтын ихсэлт, таргалалт, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ, зохисгүй эмийн хэрэглээ, ажлын хэт их ачаалал, стрессээс шалтгаалдагийг эрдэмтэн судлаачид нотолсон байна.
Гэнэтийн харвалтад өртсөн өвчтөнүүд байнгын тахир дутуу болсондоо сэтгэлзүйн цочролд орж цаашдаа сэтгэл гутрал буюу депресст орох магадлал өндөр байдаг. Сэтгэлзүйн хувьд тогтворгүй болох, түгших, хямрах, эмзэг болох, бухимдах, уцаарлах, амархан уйлах, инээх, аливаа зүйлийг хүндээр тусгаж авах зэрэг урьдын хэвийн сэтгэлзүйн байдалд нь өөрчлөлт ордог.
Харвалт нь тархины эсүүдийг гэмтээдэг учраас сэтгэл хөдлөл, сэтгэлзүй, зан төлөв өөрчлөлтөнд ордог байна. Харвалтын цар хүрээ, тархины аль хэсэгт харвалт үүссэнээс шалтгаалан өвчтөн бүр өөр өөр сэтгэлзүйн асуудалд өртөнө. Жишээлбэл тархины баруун талд харвалтад өртсөн өвчтөн түргэн огцом болох, харин тархины зүүн талд харвалтад өртсөн хүмүүс уйлах, гэнэт уурлах хандлагатай болно.
Эдгээр нь бүгд хэвийн үзэгдэл бөгөөд мэргэжлийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр аажимаар эдгэрнэ. Хамгийн ихээр ажиглагддаг сэтгэлзүйн өөрчлөлт нь сэтгэл гутрал, гөлрөх, идэвхигүй байх явдал, сэтгэлзүйн тогтворгүй эмзэг байдал, зан төлөв өөрчлөгдөх явдал юм.
Сэтгэл гутрал
Хамгийн нийтлэг сэтгэлзүйн үр дагавар нь сэтгэл гутрал бөгөөд харвалтад өртсөний нэг жил орчимийн дараа илрэнэ. Сэтгэл гутралд нас, хүйс, нийгмийн байдал, харвалтын цар хүрээнээс үл харгалзан өртөх магадлалтай. Сэтгэл гутралд орсон эсэхийг сэтгэцийн эмч, сэтгэлзүйчээр үнэлгээ хийлгэж, сэтгэл гутралаа зохицуулсанаар өвчтөний амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгоно.
Харвалтад өртсөн хүн эдгэрэх явцдаа насан туршдаа тахир дутуу болсон, өдөр тутмын хувцаслах, хооллох, усанд орох, алхах, унших, бичих, ярих зэргийг бие даан хийж чадахгүй байгаадаа, мөн хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөвлөгөө байхгүй болсонд, гэр бүлийн хүрээнд өөрийн үүрэг роль өөрчлөгдсөнд, зарим хүмүүсийн хувьд ажлаа алдах зэргээс сэтгэл гутралд ороход нөлөөлнө. Өдөр тутмын энгийн ажиллагаа болох хувцас өмсөх, жорлон орох, усанд орох, алхах, унших бичих гэх мэт зүйлсийг хийж чадахгүйгээс болж өөртөө итгэх итгэлээ алдаж өөрийгөө үнэлэх нь багасна. Зарим тохиолдолд биеийн хүчтэй өвдөлтийн улмаас сэтгэл гутралд өртөх магадлалтай.
Сэтгэл гутралын нийтлэг шинж тэмдэгүүд:
• Гуниглах
• Өдөр тутмын ажиллагаанд сонирхолгүй болох
• Ямар ч хэрэггүй мэт мэдрэмж төрөх, цөхрөх,
• Шийдвэр гаргаж чадахгүй байх, анхаарал төвлөрөхгүй байх
• Түгших, шаналах
• Хоолны дуршил, нойронд өөрчлөлт орох
• Эрч хүчгүй байх
• Амиа хорлох бодол төрөх
• Өөртөө итгэх итгэл багасах
Хэрхэн даван туулах: сэтгэл гутрал илэрч эхэлсэн үед нь эмчээс зөвлөгөө авах, сэтгэлзүйн зөвлөгөөг эмийн эмчилгээтэй хамтатган хийх нь үр дүнтэй. Бусадтай байнга хамт байх.
Гөлрөнгө, идэвхигүй байх:
Сонирхол, урам зориг багасах. Урьдийнх шигээ эргэн тойрондоо сонирхолоо илэрхийлэхгүй байх, идэвхигүй байх, гөлрөх байдалтай болж сэтгэл хөдөлгөх амьдралын томоохон үйл явдалуудад ч сэтгэл хөдлөхгүй байх. Эдгээр нь өвчтөний гэр бүлийнхэн болон найз нөхөдүүдийг бухимдалд хүргэж болзошгүй.
Хэрхэн даван туулах: Өвчтөнийг байнга дэмжиж урам зориг өгч байх хэрэгтэй. Харвалтад өртсөн өвчтөнүүдтэй хамт дэмжих бүлэг, клубт оролцох нь маш үр дүнтэй.
Сэтгэлзүйн эмзэг байдал, тогтворгүйтэл
Өвчтөний сэтгэлзүй тогтворгүйтэж зарим тохиолдолд сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй болно. Зарим хүмүүс уйлахгүй зүйлд уйлж, амархан гомдох, уурлах, уцаарлах, инээх болно. Зарим хүмүүс уйлахын оронд инээх, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог. Тухайн үеийн мэдрэмжтэй нь таарахгүй тохиолдол ч байна. Эдгээр сэтгэл хөдлөл нь хурдацтай өөрчилөгдөж, зарим нь уйлахаас шууд инээх рүү шилждэг. Өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байгаадаа бухимдана. Зарим тохиолдолд уйлах нь сэтгэл гутралтай холбоогүй бөгөөд андуурагдах тохиолдол байдаг. Тиймээс мэргэжлийн эмчтэй уулзах нь чухал. Сэтгэлзүйн тогтворгүй эмзэг байдал нь залгих, хэлний хөдөлгөөн хэцүү байгаатай холбоотой. Хэрэв, тийм бол хэл ярианы согог засалчтай уулзаарай.
No comments:
Post a Comment