Харвалтын улмаас өвчтөнүүдийн бие нь хагас, эсвэл бүтэн саажина. Харавсан өвчтөнүүд саажилтын улмаас өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахаа байдгаас улбаалан сэтгэлзүйн дарамтад орно. Тиймээс, өвчтөнүүдтэй харьцахад танаас (гэр бүлийнхэн, эсвэл асран сувилаж байгаа хүн) тэсвэр тэвчээр шаардлагатай билээ.
Мэдээж нэг гэр бүлийн гишүүн нь бүтэн саажилттай эсвэл хагас саажилттай болохоор тухайн гэр бүлд томоохон өөрчлөлтүүд гардаг, жишээ нь хэн нь тухайн хүнийг асрах вэ, хэн нь гэр бүлийн санхүү дээр илүү анхаарах вэ гэх мэт. Түүнээс гадна, өвчтөнд сэргээн засах эмчилгээ маш чухал билээ. Харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд хамрагдсанаар тогтмол дасгал сургуулилалт хийж өдөр тутмын дадалдаа эргэн орох, суралцах боломжтой билээ. Тиймээс ахуйн дадал эзэмшүүлэх аргазүйч/засалч, хэл ярианы согог засалч, хөдөлгөөн засалч, сэтгэлзүйч, сэргээн засах эмч нараас бүрдсэн багтай ажиллах нь чухал.
Урьдынх шиг гишгэх, алхах, хооллох, унших, бичих, ярих, улмаар хийж байсан ажилдаа эргэн орох ч боломжтой шүү дээ. Сэргээн засах эмчилгээний хажуугаар доорхи зүйлсийг өвчтөн болон гэр бүлийнхэний дэмжлэгтэйгээр бие даан хийвэл амжилтад хүрнэ.
Сэтгэлзүйн зөвлөгөө
Гэр бүлийн гишүүдийн хамт эсвэл ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө авсанаар өвчтөн өөрийн дотоод сэтгэл, мэдрэмжээ бусадтай хуваалцаж харвалт хэрхэн түүний амьдралд нөлөөлж байгааг ярилцаж, ирээдүйгээ хэрхэн шинээр эхлэж болох тухай боломжуудыг хайх дэмжлэг авна. Хэрэв өвчтөн ярьж чадахгүй байвал хэл яриа согог засалчтай ажиллах нь чухал.
Эмийн эмчилгээ
Анти-депрессант эмийг эмчийн зөвлөгөө тусламжтайгаар сэтгэл гутралтай болсон өвчтөн хэрэглэнэ. Үүний үр дүн нь хоёр долоо хоногийн дараагаас гарах бөгөөд ихэнхи тохиолдолд сайн үр дүн үзүүлдэг. Сөрөг үр дагавар нь ам хуурайших, ядрах гэх мэт.
Хэрхэн даван туулах вэ:
1. Гэр бүлийнхэн:
-Өвчтөнд битгий уйл гэж бүү хэл – энэ нь ямар ч тус болохгүй
-Сатааруул – сэтгэлийг нь өвтгөсөн сэдэв ярьж байвал уг сэдэвийг өөрчлөх, гүн амьсгаа авах
-Эргэн тойронд байгаа хүмүүс нь сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх нь өвчтөнг сэтгэл хөдлөлөө хянахад хэцүү байдалд оруулна. Тиймээс гэр бүлийнхэн нь сэтгэл санааны хувьд тогтвортой тайван байх хэрэгтэй.
-Ганцаараа баймаар байгаагаа илэрхийлээгүй л бол битгий ганцааранг нь орхи.
-Болж буй үйл явдлыг жижигхэн бэрхшээл гэж хэл.
-Биенд нь хүрэх – тэврэх, гарыг нь барих. Зарим хүмүүс уйлж магадгүй ч энэ нь тэдэнд сайн гэдгийг тайлбарла.
-Чин сэтгэлээсээ уйлахийг нь ойлгоорой
-Харвалтын тухай мэдээлэл цуглуулах - Мэдээлэлгүй байснаар үл ойлголцол, зовнилыг нэмнэ. Хэрэв ойлгохгүй зүйлтэй тулгарвал эмчээс асуугаарай
-Бүтэн цагаар асарч байгаа хүн нь аль болох сайн амарч байх хэрэгтэй. Боломжтой бол гэрийнхэн дундаа хуваарь гарган ээлжлэн асарч болно. Гэрээсээ гарч өөр орчинд орж оюун санаагаа түрхэн зуур ч болов сэргээх хэрэгтэй
-Саажилттай хүмүүсийг асардаг, эсвэл гэр бүлийнхэн хамтран дэмжих бүлгийн ажилуулан бие биентэйгээ туршлагаа солилцож бие биенээ дэмжих нь чухал
2.Өвчтөн:
-Өвчтөн өөрийн хичээл зүтгэл, зорилготой байх нь хамгаас чухал
-Нийгэмших – хүмүүстэй тогтмол, өдөр болгон уулзаж байх. Бусадтай ярьж байх нь хамгийн сайн эмчилгээ билээ.
-Дэмжих бүлэгт оролцох – өөртэйгээ адил өвчтэй хүмүүстэй дэмжлэг бүлэгт орсоноор өөр хоорондоо мэдээллээ хуваалцах, хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаа хийх, бие биенээ дэмжих
-Хобби, сонирхол – нөхөн сэргээх эмчилгээний хамгийн чухал хэсэг бол хобби билээ. Өмнө нь сонирхдог байсан зүйлсээ эргэн хийх сонирхох, эсвэл шинэ хобби олох
-Дасгал хийх – тогтмол дасгал хийх нь маш хэрэгтэй
-Тэжээллэг хоол идэх – сэтгэл гутралд орсон хүмүүс хоолны дуршилаа алддаг, муу хооллотоос улбаалан амархан ядрах, туйлдана.
-Сэтгэл санааны тайван байдалд байх – хямрах үйл явдал, тохиолдолоос зайлсхийх
No comments:
Post a Comment