2009 оныг хүртэл би цус харвалт гэдгийг зөвхөн хөндлөнгөөс нь сонсож байснаас яг гар бие оролцож шинийг санаачилж байсангүй. Харин 2009 оны намрын нэгэн сайхан өдөр эмээ маань цус харавсан юм. Манай эмээ харавсаны улмаас хагас саажилттай болсон. Манай гэр бүлд өөрчлөлтүүд гарч эхэлсэн, бидний хэн нь бүтэн цагаар асрах вэ, хэн нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байх вэ, хэн нь санхүүжилтыг хариуцах вэ гэх мэт.
Ингээд өнгөрсөн 2.5 жилийн турш бид дор бүрнээ мэдээлэл цуглуулж хэрхэн эмээтэйгээ харьцаж байх, хэрхэн хоол идүүлж сургах, хувцасаа өмсгөж сургах гэх мэт бүхнийг эхнээс нь судлах, унших, бие биенээсээ суралцах шинэ аялал маань эхэлсэн юм.
Манай эмээ бүх насаараа мэдрэлийн эмч байсан хүн, тэр тусмаа харавсан өвчтөнүүдтэй ажилладаг байсан юм. Харин миний хувьд эмээгийнхээ хийдэг ажлын талаар мэдээлэл, мэдлэг дутмаг байсандаа өнгөрсөн хугацаанд харамссан ч цаг хугацаатай уралдан эмээгээ дахин сэргээх тал дээр чадах чинээгээрээ мэдлэг олж авахыг хичээж, шинэ арга техник, ур чадварыг эзэмшиж байна.
Өнгөрсөн цаг хугацааны хувьд би эмээгийнхээ ачаар өөрөө өөрөөсөө суралцаж, амьдралаас суралцаж хаанаас ч олж авхааргүй үнэлэшгүй их зүйлсийг суралцаж байна. Мөн, найз нөхөдийн үнэт зөвлөгөөнүүд надад маш их хэрэг болж байна.
Тиймээс би энэ суралцаж байгаа процессоо бусадтай хуваалцахаар шийдлээ. Магадгүй миний суралцсан мэдлэг, мэдээлэл, туршлага маань бусдад бас хэрэгтэй байж магадгүй юм. Мөн гэртээ ээж, аав, ах эгч, эмээ өвөөгөө асардаг хүмүүс бусадтайгаа хуваалцах арвин их туршлагаасаа хуваалцаасай гэж бодож байна.
Миний судалсанаар өнөөдөр монголд зөвхөн 2-р эмнэлэг (сайд нарын эмнэлэг гэж нэрлэгддэг) дээр л Нөхөөн Сэргээх эмчилгээний (хөдөлгөөн засалч, ахуйн засалч) мэргэшсэн баг ажилладаг юм байна лээ. Хэрэвээ та бүхэн сонирхвол 2-р эмнэлэгийн төв байрны 1 давхарт Нөхөөн Сэргээх Эмчилгээний тасгаас асууж болох байхаа. 2-р эмнэлэгийн мэдрэлийн эмч нарын санаачлагаар Харвалтын тухай олон нийтэд зориулсан Нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн 5-р сард зохион байгуулсан юм. Энэ өдөрлөгөөр маш их хүмүүс ирсэн ба хүмүүст сэтгэлзүйн дэмжлэг маш их хэрэгтэй байгааг анзаарсан. Эмч нарын хэлж байгаагаар мэргэшсэн сэтгэлзүйч бас байддаггүй юм шиг байгаа юм. Би өөрийнхөө туршлага, мэдээлэл дээр суурилан тухайн өвчтөнүүдийн гэр бүл, болон өвчтөнүүдтэй сайн дураараа ажиллая гэж бодож байгаа. Гэр бүлийнхэнд нь бас сэтгэлзүйн дэмжлэг маш чухал билээ.
No comments:
Post a Comment